Л.Оюун-эрдэнэ: Би гайхамшиг бүтээхгүй ч улсаа бусад улс шиг болгомоор байна
Хуваалцах:
img

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МҮОНТ-ийн шууд ярилцлагад  орж, дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Ерөнхий сайд өнгөрсөн хугацаанд нүүрсний хулгайтай тэмцэл эхлүүлж, 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлаж, 5Ш ажиллагааг эхлүүлж байгаагаа мэдэгдсэн. Түүний авлигын асуудлаарх хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.   

- Жагсаал эхэндээ органик байсан. Сүүлдээ нүүрсний хулгайд шалгагдаж буй хүмүүс, койныхон, сөрөг хүчин, ЭТТ-гоос  мөргөцөг хулгайлсан бүлэглэл, Монголын оюутны холбооны экс удирдлагууд, орон нутгийн “Жижиг Тавантолгой”-н эзэн “Ажнай” Бат-Эрдэнэ нар  хэргээ саармагжуулах зорилгоор санхүүжүүлсэн.

 -“Хөгжлийн банк”-ны хэргийг би дангаараа шийдээд явж чадахгүй. Ил тод болгож өгснөөр хэвлэл  ажлаа хийлээ.

- Олон нийтийн анхаарал сулраад ирэхээр л шүүхийн шатанд хэрэг замхардаг.

-Монгол Улс уул уурхайг түшиглэсэн далд эдийн засагтай болчихсон. Хэдхэн хүний гарт нууцаар эргэлддэг.

-Өнгөрсөн 30 жилд Засгийн газрууд байнга хүчин мөхөсдөж явсан. Тухайлбал, Засгийн газрын дундаж насжилт 1.6 жил байсан. Одоо бид тоглоомынхоо дүрмийг өөрчлөх ёстой.

 -Шүүх эрх мэдэлд гүйцэтгэх засаглал нөлөөлөхгүй. Гэхдээ шүүхийг өнөөдрийг хүртэл “Эрдэнэт”-ийн 49 хувийнхан, “Нүүрсний бүлэглэл”-ийнхэн томилж ирсэн.

-Эрдэнэтийн 49 хувийг авах ажлыг нэг хувийн хэвшил, эсвэл ганц Ерөнхий сайд хийх боломжгүй. Тэнд тагнуул, шүүх, прокурор бүр Ерөнхийлөгч нь хүртэл оролцсон. Төрөөсөө ч том бүлэглэлийн хийсэн ажил. 1998 оноос хойш тэр том бүлэглэл ажилласан.

-“Эрдэнэт”-ийн 49 хувь, Хөгжлийн банк, Нүүрсний хулгайн хэрэг бүгд шүүхийн шатанд очсон. Мөрдөх алба ажлаа маш сайн хийлээ.

 -Шүүх гэм бурууг эцэслэн шийдэх эсэх нь эргэлзээтэй. Тал нь Ц.Элбэгдоржийн, тал нь Х.Баттулгын томилсон шүүгч нар байгаа. Монгол Улс шүүх засаглалгүй юм шиг явж байна.

-Авлигатай тэмцэх тэмцлээс би ухрахгүй. Та ч бас битгий ухраарай хэмээн иргэдээ уриалж байна.

-Би гайхамшиг бүтээх гэж байгаа хүн биш. Зүгээр л бусад улс орон шиг болгохыг хүсэж байна.

-Авлига энгийн иргэний боломжийг хулгайлдаг хорт хавдар. Авлигатай тэмцэх ажилд чадах бүх зүйлээрээ дэмжлэг үзүүлнэ.

- Ерөнхийлөгч Оюутолгой, Хөгжлийн банк, Нүүрсний асуудлыг дэмжиж, улс төрийн дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

 “Хууль хяналтын байгууллага асуудалтай гэж үзвэл хамгаалж чадахгүй” гэдгийг би бүлгийн хурал, Засгийн газрын хуралдаанд ч хэлсэн.Гишүүн нь хулгай хийгээд, худал хэлээд, авлига аваад, зээлд хамрагдаад байвал тэдний баталсан хуулийг хэн дагах юм.

-“Рио Тинто”-гоос надад захидал ирүүлсэн. Энд хөрөнгө оруулагч тал буулт хийсэн.  Гүний уурхай ашиглалтад орж, олборлолт эхлэх хүртэл “Эрдэнэс Оюутолгой”-д нэмэлт төлбөр үүсгэхгүйгээр хөрөнгө оруулагч тал бүх зардлаа хариуцна.

-Цар тахлын өмнөх цаг үе рүү дэлхий дахиж хэзээ ч очихгүй. Учир нь маш олон зүйл өөрчлөгдлөө.

Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, парламентын засаглалаа хадгалж үлдэх урт хугацааны асуудалтай тулгарч байна. Өөрөөр хэлбэл, хэт хараат байдлаас маш хурдан хугацаанд гарах хэрэгтэй байна.

- Шинэ сэргэлт бол хурдасгагч бодлого.

- Бид хилээ нээж, боомтоо сэргээж, далд эдийн засгаа ил болгоод, хөрөнгө оруулалтаа татаад эхэлвэл 2023 онд эдийн засгийн сэргэлт огцом нэмэгдэнэ.

- Энэ зундаа багтаад  эрт илрүүлгийг хөдөө орон нутаг руу илүүтэй чиглүүлнэ. Цаашид  үндэсний хэмжээнд “Шүд” хөтөлбөрийг эхлүүлэхээр ажлын хэсэг гараад явж байна.

- Өнгөрсөн 30 жилд бид маш их ярьсан. Гоё үгийг бүгдийг нь ашигласан. Одоо харин хийж үзүүлье.

-Бидэнд бүх асуудал чухал. Гэхдээ мөнгө олох салбарын асуудал нэн чухал.

-Үндсэн хуулийн асуудлаар олон хүнтэй уулзсан. Хоёр танхимтай байх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох гэх мэтээр шинэчилсэн найруулга яригдаж байгаа.

-Бид Үндсэн хуулиа шинэчлэн найруулах, нэмэлт өөрчлөлт оруулах, эсвэл огт өөрчлөхгүй байх гэсэн салаа замын уулзварт байна. Алинд нь ч би Ерөнхий сайд, эрх баригч намын даргын хувьд нээлттэй хандана.

- Холимог тогтолцоог зөв гэж хэлнэ. 30 жил явсан тоглоомын дүрмийг өөрчлөх нь МАН-д тийм ч ашигтай биш. Гэхдээ байнга үнэмлэхүй ялдаг дүрмээс МАН татгалзаж байна.

-Хүүхдийн мөнгийг зөвхөн халамж гэж үзэхэд эрт. Энэ талаар Их хуралтай зөвшилцөөд зөв эрүүл зөвлөмж гаргах байх.

-Хувь хүний хувьд би олон хүнтэй муудалцахыг хүсдэггүй. Би зөвхөн тогтолцоог засах гэж яваа юм. Тогтсон байгаа авлигын системийг нураамаар байна.

-Төрийн албан хаагч нь иргэндээ үйлчилдэг. УИХ-ын гишүүн нь би дарга бус иргэний төлөөлөл гэдгээ мэддэг байгаасай гэж хүсэж байна.  

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img